2008-12-17
ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ АЛБАНЫ БЭЛЭН БАЙДАЛ


Хамгаалалтын ажилтан нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийн тулд ажилд гарахын өмнө өөрийгөө бэлдэх ёстой.

Өөрийгөө бэлдэх энэ үйл явц нь ажилд гарахаас хэдхэн цагийн өмнөөс бус дөнгөж ээлжнээс буусан тэр цагаас эхлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Амралт

 

Хамгийн нэн тэргүүний асуудал бол амралт юм. Хамгаалалтын ажилтан нь сайн амарсан, нойр гүйцэд авсан, ажилд гарахад бэлэн сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний физилогийн талаас нь анхаарч байгаа хэрэг бөгөөд ядарсан, дутуу амарсан ажилтан идэвхи султай, хянах чадвар муу байдгаас алдаа гаргах магадлал өндөр байдаг байна. Үүнд ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эсвэл камерийн хяналтын систем дээр ажиллаж байгаа ажилтнуудыг онцгойлон дурдах хэрэгтэй. Машинтай эргүүлд явж байгаа ажилтан үүрэглэх эсвэл анхаарал жаахан сарних тохиолдолд аваар осол гаргаж болох бөгөөд өөрийгөө төдийгүй бусдыг аюулд оруулж болзошгүй байна. Харин камерийн хяналтын ажилтны тухайд бол тухайн хянаж буй хэсэгт гарсан хэвийн бус байдлыг ажиглахгүй өнгөрөөж болох талтай юм.

 

Эрүүл мэнд

 

Хамгаалалтын ажилтан ямар нэг зовиурлах өвчин, бэртэл гэмтэлтэй байвал ажилд гарах гэж яарах хэрэггүй юм. Энэ нь таны үүрэгт ажилд шууд нөлөөлөх хүчин зүйл бөгөөд үүнээс болж ямар ч байдалд хүрч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Хөлөндөө бага зэрэг бэртэлтэй хамгаалалтын ажилтан явган эргүүлийн үүргийг хангалттай сайн гүйцэтгэж чадах уу. Түүнд хэн нэгнийг хөөх, эсвэл гэнэтийн ослын үед гүйх хэрэг гарвал яах вэ. Тэр мэдээж чадахгүй. Манайхан ихэвчлэн ханиад зэргийн өвчлөлийг тоохгүй ажлаа гүйцэтгэсээр байдаг билээ. Гэтэл хүйтний улиралд гадаа үүрэг гүйцэтгэх үед энэ нь улам хүндрэх, үүнээсээ болоод хэдэн өдрөөр ажилдаа ирж чадахгүй байх нөхцөлд хүргэдэг. Хэн ч байсан гэртээ цалингүй суугаад байхыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Энд нэг зүйлийг дурдахад зөв хооллолт бас их чухал нөлөөтэй. Зөв хооллолт нь таны амарч байх хугацаа болон албан үүргээ гүйцэтгэж байгаа хугацааг хоёуланд нь хамаатай ойлголт юм. Буруу хооллолтоос үүдэн хүний биеийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, стрэсст орох, бие тавгүйрэх, гэдэс өвдөх гэх мэт хүндрэлүүд гарч болно. Таныг албан үүргээ гүйцэтгэж байх үед ойр ойрхон гэдэс чинь өвдөөд байвал мэдээж хэцүү шүү дээ. Тиймээс ажил дээрээ ч амрах үедээ ч хооллох асуудал дээрээ анхаарах хэрэгтэй.

 

Согтууруулах ундаа, мансууруулах бодис

 

Хамгаалалтын ажилтан үүрэгт ажилдаа ирэх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодисны нөлөөнд орсон байхыг хатуу хориглоно. Энэ тохиолдолд тухайн ажилтан шууд ажлаас халагдах хүртэлх арга хэмжээ авагдана.

 

Ар гэрийн асуудал

 

Ямар ч ажил эрхэлж буй хүн ар гэртээ санаа зовних эсхүл ар гэрийн таагүй уур амьсгалаас үүдэж ажилдаа хангалтгүй үр дүн үзүүлэх явдал байдаг. Үүнд мэдээж хамгаалалтын ажилтнууд мөн адил багтана. Ихэнх хүмүүс ар гэрийнхээ асуудлыг ажилдаа аваад ирдэг. Энэ тохиолдолд бид яах вэ. Нэн тэргүүнд хамгаалалтын ажилтан өөрийн ажлын тухай, онцлог байдлын тухай ар гэрийнхэндээ хэлж ярьж ойлгуулсан байх шаардлагатай. Энэ маш чухал үр нөлөөтэй байдаг. Хамгаалалтын ажилтан албан үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ ар гэрийнхээ асуудлыг тэнд нь орхиод ирэх хэрэгтэй. Энэ нь ар гэрээ анхаарахгүй орхи гэсэн үг биш хэдий ч үүнээс үүдэлтэй ямар нэгэн зөрчил дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг сана.

 

Хувийн бэлтгэл ба Хувцаслалт

 

Хамгаалалтын ажилтныг бусад энгийн ажилтнуудаас ялгах гол шалгуур нь цэвэр цэмцгэр байдал журмын дагуу өмссөн дүрэмт хувцас байх ёстой. Хувь хүн талаасаа ариун цэврийг чандлан сахиж сахлаа авсан, үсээ засуулсан байвал зохино. Дүрэмт хувцас цэвэр, индүүдлэгтэй, гутал өнгөлсөн бусад тусгай хэрэгсэл тоноглолыг журмын дагуу зүүсэн байх хэрэгтэй. Манайхан хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж ч хэлдэг. Иймээс гадна үзэмж, хувцаслалтандаа зайлшгүй анхаарч урьдчилан бэлдсэн байх ёстой. Ажил албаны онцлогоос хамаарч үсийг богиновтор хэлбэртэй засуулах нь тохиромжтой юм.

Хувцаслалтаа тухайн нөхцөл байдалд тохируулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл дулаан орчинд зузаан хувцастай халууцаж зогсох хэрэггүй гэсэн үг. Журмын дагуу нимгэн хувцас сонгож өмсөх нь зөв. Цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож байх нь их хувь нэмэртэй. Хүйтрэх үү үгүй юу, бороотой юу үгүй юу гэдгийг урьдчилан тооцож хувцсаа бэлдэх хэрэгтэй.

Хамгаалалтын ажилтнууд ихэвчлэн хагас богино түрийтэй, төмөртэй эсхүл хатуулгатай хоншоортой гутал өмсдөг. Анх гутал сонгож авахдаа өөрт таарсан, өмсөхөд эвтэйхэн зэргийг нь харгалзаж үзэх хэрэгтэй. Зарим нэг нь бүр тусгай зориулалтын гутал өмсчихсөн явж байгаа харагддаг. Гэтэл хувцас гэдэг бол нэг талаасаа гадна орчны нөлөөллөөс хүнийг хамгаалж байдаг ч нөгөө талаасаа бол хүний биед эвтэйхэн, хөдөлгөөнд нь саад учруулахүй байх ёстой. Тиймээс заавал тусгай зориулалтын гутал өмсөх шаардлага байна уу.

Магадгүй тийм гутал довтолгооны үед хэн нэгэнд хүнд гэмтэл учруулж ч болох юм.

 

Заавар журам

 

Тухайлсан ажлын байртай холбоотой заавар журамтай танилцах, нэмэлт өөрчлөлтүүдийг цаг тухайд нь мэдэж авах нь албан үүргээ гүйцэтгэхийн өмнөх бас нэг бэлтгэл юм. Энд тухайн байгууллагын дотоод журам, түүнтэй уялдан гарсан бусад заавар журам, хамгаалалтын журам зэргийг ойлгож болно. Хамгаалалтын ажилтан нь дээрхи журмыг мөрдлөг болгох, сахиулах, зөрчигдсөн тохиололд мэдээлэх, холбогдох арга хэмжээ авах үүрэг хүлээдэг учир өөрөө эдгээр журам зааврыг гарын арван хуруу шигээ мэддэг байвал зохино. Мэдээж журмаа мэдэхгүй бол хүнд тэр тухай шаардлага тавина гэж юу байх билээ. Тиймээс тэдгээр дүрэм, журам, заавартай танилцаж мэдсэний дараа хамгаалалтын ажилтан үүрэг гүйцэтгэхэд бэлэн болно.

 

Удирдах ажилтны зааварчилгаа

 

Ихэнх хамгаалалтын ажилтнууд ажилд гарахын өмнө шууд удирдлага буюу ахлах ажилтнаасаа зааварчилгаа, зөвлөмж авдаг. Энэ бол сайн хэрэг. Хэрэв ийм зааварчилгааг таны шууд удирдлагаас ажилд гарахын өмнө тогтмол өгдөг бол энэ нь танд тусалж байгаа хэрэг. Эндээс та ажилд гарахын өмнө их зүйлийг мэдэж авч болно. Ийм зааварчилгаа ихэвчлэн мэдээллийн чанартай байдаг ба удирдах ажилтнаас тухайн ээлжинд юун дээр анхаарах, хэрхэн ажиллах зөвлөгөөг өгдөг. Мэдээж энэ нь үүрэг болгосон, шаардсан хэлбэртэй байна. Тухайлбал үүрэг гүйцэтгэж буй объектод өндөр хэмжээний зочид төлөөлөгчид ирэх тухай өглөөний зааварчилгаан дээр анхаарууллаа гэж бодъё. Энэ тохиолдолд та дээрхи үйл ажиллагаанд бэлэн байх бөгөөд шаардлагатай арга хэмжээнүүдийг урьдчилан авч чадна. Хэрэв ийм мэдээлэл хийгдээгүй бол та гэнэтийн айлчлалд бэлэн бус байх болно. Мөн зааварчилгаан дээр алдаа дутагдлын талаар анхааруулан сануулдаг тул танд тэдгээр алдааг гаргахгүй байх санамж болно.

 

Ээлж хүлээлцэх

 

Хамгаалалтын ажилтан үүрэг гүйцэтгэхээр тухайлсан газарт ирэхдээ өмнөх ээлжийн хамгаалалтын ажилтнаас ээлж буюу ажил хүлээн авах шаардлагатай байдаг. Энэ нь нь хамгаалалтын ажлын тасралтгүй 24 цагаар жилийн 365 хоног үргэлжилдэг онцлогтой холбоотой. Ээлжийг хэрхэн хүлээлцдэг вэ. Хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан гэсэн тэмдэглэл хийгээд л боллоо гэж ойлгож байна уу. Тэгвэл тийм биш юм. Хамгаалалтын ажилтан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийн тулд өмнөх ээлжийн хугацаанд юу юу тохиолдсон талаар бүгдийг мэдэж байх шаардлагатай.

Ээлж буюу ажил хүлээн авах нь нэн хариуцлагатай үйлдэл бөгөөд биечлэн явж үзэж хүлээлцэх нь хамгийн сайн арга юм.

Үүрэг гүйцэтгэж буй газрын онцлогоос хамаарч хүлээлцэх зүйлсийн төрөл зүйл, тоо хэмжээ, жагсаалт янз бүр байдаг. Хамгаалалтын ажилтнууд цоож, лацны бүрэн бүтэн байдлаас эхлүүлээд эд материалын тоо хэмжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа гээд бүхий л төрлийн зүйлийг хүлээн авч, хүлээлгэн өгөх шаардлагатай тулгардаг. Хамгаалалтын ажилтан бүрэн бүтэн, хэвийн байдалтай хүлээн авсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурснаар хариуцлагыг шууд өөр дээрээ шилжүүлэн авч байгаа хэрэг юм. Иймээс ээлж буюу ажил хүлээн авах үйл явцыг нягт нямбай хийх ёстой. Үүнд бага ч гэсэн хугацаа зарцуулдаг байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд дараагийн ээлжийн хамгаалалтын ажилтныг ээлж хүлээн авахаар ирэхэд ажил өгч буй ажилтан явахаар яарсан хандлага ажиглагддаг бөгөөд тэр бүр ажлаа нарийвчлан хүлээлгэн өгдөггүй. Ажил хүлээн авч байгаа хамгаалалтын ажилтны хувьд нэгбүрчлэн асууж лавлаж, шалгаж хүлээн авах ёстой бөгөөд хүлээлгэн өгч байгаа хүний хувьд ч мөн адил дэс дараалалтай, тодорхой тайлбарлаж өгөх ёстой юм. Хэн нэгэн хамгаалалтын ажилтан ажлаа дутуу хүлээлгэн өгсөн байлаа гэж бодъё л доо. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар зөрчил гарч, ээлж хүлээн авсан хамгаалалтын ажилтан “намайг хүлээн авах үед л ийм байсан” гэсэн асуудал үүсвэл яах вэ. Үүний буруутан бол ээлж хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн хамгаалалтын ажилтнууд хоёулаа юм.

Зарим байгууллага ажил хүлээлцэх хуудас ашигладаг бөгөөд энэ нь хамгаалалтын ажилтнуудад ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдаг. Жишээ болгож нэг хүснэгт оруулъя.

 

1

Агуулахын хаалга цоожтой эсэх

5

10”-ийн 4 метрийн труба 28 ширхэг

-

2

Агуулахын хаалганы лац бүтэн, лацны дугаар бүртгэгдсэн дугаартай тохирч байгаа эсэх

6

Түлхүүр 12 ширхэг

3

Оффисын цонхнууд бүрэн бүтэн эсэх

7

Дизел цахилгаан үүсгүүр хэвийн ажиллаж байгаа эсэх

4

Оффисын дохиоллын систем залгагдсан эсэх

8

Гадна гэрэлтүүлэг бүрэн асч байгаа эсэх

-

Тайлбар:

2 ширхэг труба механик Болд ажилд хэрэглэхээр авсан. 26 үлдсэн.

Зүүн урд булангийн нэг гэрэл асахгүй байгаа.

 

 

Дээрхи хүснэгтэд хүлээлцэх ёстой зүйлсийг нэг бүрчлэн дурдсан байгаа бөгөөд хэрэв бүрэн бүтэн хэвийн бол √ тэмдэглэгээ хийсэн байна. Бүрэн бус байгаа зүйлсийг – гэж тэмдэглэсэн бөгөөд доорхи тайлбар гэсэн нүдэнд учир шалтгааныг нь дурдсан байна.

 

Шаардагдах хэрэгсэл, эд зүйлс

 

Хамгаалалтын ажилтанд албан үүргээ гүйцэтгэхэд нь хэрэглэгдэх болон зайлшгүй шаардагдах хэрэгсэл, эд зүйлс байдаг. Эдгээрийн хэвийн ажиллагааг ажилд гарахын өмнө заавал шалгаж байх хэрэгтэй. Тухайлбал богино долгионы радио станц болон гар чийдэнгийн зай цэнэгтэй байгаа эсэхийг байнга шалгаж сур. Харанхуйд эргүүл хийж явах үед гэнэт гар чийдэнгийн зай дуусвал яах вэ. Яаралтай тусламж дуудах үед радио станц ажиллахгүй бол яах вэ. Иймээс тэдгээрийн хэвийн ажиллагааг ажлаа эхлэхээс өмнө шалгаж, шаардлагатай тохиолдолд нөөц цэнэгтэй зайг сольж хийх хэрэгтэй. Гар чийдэнгийн нөөц чийдэнтэй байх нь илүүдэхгүй л байх. Зайлшгүй байх шаардлагатай зүйлийн наад захын жишээ нь хамгаалалтын ажилтны бичиг баримт юм. Та бичиг баримтаа биедээ авч явах ёстой. Хамгаалалтын ажилтан хэн нэгэн хүний бичиг баримтыг шалгах шаардлага байнга шахам тохиолддог ч таныг ийм эрхтэй гэдгийг батлан харуулсан бичиг баримт чинь өөрт чинь байнга байх хэрэгтэй.

Мөн нэг бүрийн тусгай хэрэгслийг ч гэсэн хэвийн ажиллагааг нь шалгаж байх шаардлагатай. Цахилгаан бороохойны цэнэг, резинэн бороохойны цууралт, хугаралт, гавны түгжээ, түлхүүр зэргийг шалгана. Мөн танд болсон үйл явдлыг тэмдэглэх дэвтэр, үзэг байх ёстой. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ямар нэг зүйл тэмдэглэх хэрэг гарвал яах вэ. Цаг тухайд нь тэмдэглэл хийж байхын тулд дэвтэр үзгийг биедээ авч явах шаардлагатай. Иймд халаасны жижгэвтэр дэвтэр сонгох нь зүйтэй. Харин тэмдэглэж авсан зүйлээ дараа нь дэлгэрэнгүй илтгэх хуудас бичихдээ ашиглах хэрэгтэй.

Хамгаалалтын ажилтан бугуйн цагаа мартаж хэрхэвч болохгүй. Шуурхай удирдлагын төвтэйгээ холбогдож цагаа тааруулах хэрэгтэй. Болсон үйл явдлыг тэмдэглэхээс авахуулаад цаг ашиглахгүй тохиолдол хамгаалалтын ажилтанд бараг байхгүй гэж хэлж болно.

Хөгжингүй орнуудад хамгаалалтын ажилтанд байх ёстой бас нэг зүйл бол эмнэлгийн анхны тусламжийн хэрэглэл юм. Гэнэтийн ослын үед бэртэж гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэх тохиолдол гарч болно. Энэ үед шаардлагатай боолт, эм, тариа бэлэн байх хэрэгтэй.

Зарим тохиолдолд хамгаалалтын ажилтанд галт зэвсэг эсвэл хийн буу олгодог. Энэ тохиолдолд аюулгүй байдал талаасаа бууны хоолойд сум байгаа эсэх, гохны түгжээ түгжигдсэн эсэх зэргийг шалгаж байх хэрэгтэй. Эдгээрийг гүйцэд шалгаагүйн улмаас өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүйг энд анхааруулъя.

 

Ажлаас чөлөө авах

 

Эрүүл мэндийн байдлаас үүдээд эсвэл ар гэрийн байдал бусад шалтгааны улмаас ажилд гарах боломжгүй болох ажлаас чөлөө авах шаардлага тулгарч болно. Энэ мэдээж хэн бүхэнд тохиолдож байдаг л асуудал. Гэхдээ хамгаалалтын ажилтны ажил үүргийн онцлогоос шалтгаалж энд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгаалалтын ажил нь ажилтан өвчилсөн, чөлөө авсан гэсэн шалтгаанаар тасалдах учиргүй бөгөөд таны оронд хэн нэгэн үүрэгт ажлыг чинь гүйцэтгэж байх ёстой.  Хэрэв чөлөө авах шаардлага гарсан тохиолдолд энэ тухайгаа өөрийн шууд удирдлагадаа аль болох эрт мэдэгдэх ёстой. Энэ хугацааг тухайн байгууллагууд өөрийн дотоод журмандаа янз бүрээр тусгасан байдаг ч дор хаяж 24-48 цагийн өмнө мэдэгдсэн байвал зохино. Энэ нь тухайн хамгаалалтын ажилтны оронд өөр хэн нэгнийг олж томилох хугацаа юм.

 

Амралтын үеэр дуудагдан ажиллах

 

Энэ нь хамгаалалтын ажлын онцлогтой шууд хамаатай бөгөөд хэд хэдэн шалтгаантай байж болно. Ажилдаа ирээгүй ажилтны оронд ажиллах, онцгой тохиолдолд нэмэлт хүч шаардлагатай болсны улмаас дуудагдах, шууд удирдлагаас өгсөн бусад нэмэлт үүргүүдийг гүйцэтгэх гэх мэт. Аль ч тохиолдолд байсан хамгаалалтын ажилтан үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх ёстой. Тиймээс холбоо барих утасны дугаараа сольсон тохиолдолд удирдлагадаа мэдэгдэх, утсаа унтраалгүй асаалттай байлгах, хол газар явах зэргээ мэдэгдэж байх хэрэгтэй. Энэ нь удирдлагад чинь цаг хэмнэх давуу талыг олгох бөгөөд таныг хэр хариуцлагатай ажилтан бэ гэдгийг давхар илтгэн харуулна. Мэдээж хэрэг хуваарьт өдрөөс илүү өдөр дуудагдан ажилласан тохиолдолд хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэгдэл цалин хөлс олгогдох ёстой.

 

Р. Гантулга  “Мэргэжлийн Хамгаалалтын Ойлголтууд ба Стандартууд”


Бичсэн: Ganaa | цаг: 18:53 | The Field Security - Security Officer
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


hamgaalaltiin albanii durem juram baidag bol helj ogch muslaach
Бичсэн: sarana цаг: 19:30, 2014-08-12 | Холбоос | |


tANIII ENE BLOG NADAD IKH TUS BOLJ BNAAA

BAYARLALAAAA
Бичсэн: SELENGE (зочин) цаг: 14:46, 2014-06-02 | Холбоос | |


ym asuuyaa
yg ymar ymar heregsel biedee awj ywah heregtei bdagiin boloo end joohon dutuu bichsen ym shig bna
Бичсэн: Зочин цаг: 15:58, 2012-01-23 | Холбоос | |


улайх тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 14:26, 2010-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)