2008-12-18
ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН САЛБАР - АЖИЛТАН - СУРГАЛТ
                          

 

Тодорхой хувь хүний (цаашид хамгаалуулагчийн) аюулгүй байдлыг хангах хариуцлага хүлээсэн бүлгийг хувийн хамгаалалтын салбар эсвэл баг гэнэ. Хамгаалж буй хүний хажууд жижүүрлэх биечилсэн хамгаалалтын ажилтнуудын ерөнхий тоо хэмжээ нь жижүүрийн хугацаанаас хамаарч ээлжинд хуваагдана. Ээлж бүрийг ахлах ажилтан удирдана. Түүнийг ээлжийн дарга гэж нэрлэнэ. Ээлжийн дарга нь ээлжийн ажилтан бүрт ажил үүргийг хуваарилан танилцуулж, хувцаслалт, техник төхөөрөмжөөр хангадаг. Ээлжийн  дарга нь биечилсэн хамгаалалтын салбарын даргад тайлагнана. Салбарын дарга нь хамгаалуулагчийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Хувийн хамгаалалтын салбарын өдөр тутмын үүрэгт: хамгаалуулагчийг бие хамгаалагчдаар дагалдуулах, бараа болгох, эсвэл удирдах олон цэгийн ажлыг явуулах, урьдчилсан үзлэг хийх гэх мэт багтана. Ажлын ээлжийн өдөр тутмын үүрэг нь хамгаалуулагчийн хамгаалалт зохиох явдал юм. Салбарын дээрх ажилтнуудыг олон түмэн болон халдагчид ихэвчлэн хардаг. Салбар нь хичнээн эрчимтэй, шаламгай, зоригтой, мэргэжлийн төвшинд харагдана тэр хэмжээгээр халдлагын магадлал бага байна. Халдагчдад сонголт байгаа үед тэр арай хөнгөн байг сонгодог гэдгийг түүх харуулсан билээ.

 Хамгаалалтын салбарын ажлын зарчим нь: асуудлаас зайлсхийхэд хэрэгцээтэй бүхнийг хийх, боломжоороо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм. Хэрэв урьдчилан сэргийлэх ажиллагаа бүтэлгүйтсэн тохиолдолд сонгодог арга бол хамгаалуулагчийг халхлах, зугтах явдал болно. Бие хамгаалагч нь халуун буудалцаанд оролцохыг аль болох хүсдэггүй. Гэмт хэрэгтнийг мөрдөх, тэд нартай буудалцах нь ДЯЯ-ны байгууллагын ажил юм. ДЯЯ-ны ажил нь ихэнхдээ хувийн хамгаалалтын ажилтны ажлаар ялгаатай “эсрэг үйлдэл” болдог. Хэрэв урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ авагдсан бол заналхийлэл багасч эсвэл арилна. Хэрэв дайсан цөхрөлтгүй, бага бололцоотой ч шургуу байвал заналхийлэл хэвээр үлдэнэ. Харин хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангахын тулд зугтах бололцоогүй бол эсрэг үйлдлийг шаламгай, шуурхай авах хэрэгтэй. Хамгаалах буудалцаан, автомашинаар зугтах болон өөрийн эрх хэмжээнд хийгдэх зүйл мөн.  

 

АЖИЛТАН

Нэг, хоёр, дөрвөн хүнээс бүрдсэн баг нь хамгаалалтын ажлын ээлж болдог. Энэ хүмүүс зэвсэглэсэн, нарны шил зүүсэн, бүх зүйлийн сонор соргог хараагаар харж байдаг. Ямар хүмүүс сайн бие хамгаалагч болдог вэ? Хамгаалагчдыг “хүч чадалтай, сумны хаалт” мэтээр хардаг бөгөөд баг нь мэргэн бууддаг, бие хамгаалах болон тулалдах эрдмийг чадварлаг эзэмшсэн байх шаардлагатай. Иймэрхүү хүмүүсийг харахад айдас хүрдэг ч тэд нар шийдэмгий дайсны зэвсэглэсэн халдлагын төгсгөлд нөлөөлж чаддаггүй. Ихэнхи тохиолдолд бүх хамгаалагчдыг устгадаг. Өнөөдрийн мэргэжлийн бие хамгаалагч нь халдлагаас сэргийлэх, халдлага гарсан тохиолдолд түүнийг зогсоох бэлтгэлийг хийнэ. Урьдчилан сэргийлэх стратегид мэргэжлийн бие хамгаалагчийн өнгөрсний “булчинлаг сумны хаалт”-аас ялгагдах гол ялгаа оршино. Хувийн хамгаалалтын сайн мэргэжилтэн ямар шинж чанартай байх ёстой вэ?

1-рт: Ухаан, эргэцүүлэн бодох чадвар. Бие хамгаалалагч нь өдөр тутмын ажилдаа нөхцөл байдлын зөв дүгнэлт хийж, ямар нэгэн эсрэг ажиллагаа зохиож байгаа биш биз гэж бодон шийдвэр гаргана. Таны өмнө гудамжинд гэнэт машин зогсох, хамгаалуулагчийн амьдардаг орчинд өдөр дараалан зогссон сэжигтэй машин зэрэгт шуурхай, ажил хэрэгч шийдвэр гаргах ёстой. Бие хамгаалагчид булан бүрээс гэмт этгээдийн нуугдсан царай харагдах ёсгүй боловч үнэхээр заналхийлсэн этгээдийг алдаж болохгүй.

Эргэцүүлэн бодох чадварыг ажлын дадлага туршлагаас олж авна. Бие хамгаалагч нь маш идэвхитэй, өөртөө итгэлтэй, бүтээлч хүн байх ёстой. Түүнчлэн өөртөө ногдсон асуудлыг шийдэж чаддаг, нөхцөл байдлаас үл шалтгаалан түүнийг гүйцэтгэлийг хангадаг байх ёстой. Бие хамгаалагчид хэзээ ч бэлэн байх шаардлагатай.

Зохион байгуулах чадвар: Бие хамгаалагч бүр сайн зохион байгуулагч байх ёстой. Урьдчилан сэргийлэх үзлэг нь зохион байгуулалтын арга хэмжээ билээ. Тиймээс ч бие хамгаалагч нь бүх юмыг харж мэдрэх зохион байгуулагч байх ёстой. Тэрээр эрүүл биетэй, биеийн хөгжил сайн байх ёстой. Хувийн хамгаалалтанд ажлын өдөр урт байх нь энгийн зүйл болдог. Тэд хамгийн эрт босч, хамгийн орой унтдаг хүмүүсийн нэг билээ. Дэлхийн нэртэй тамирчин байх шаардлагагүй ч ерөнхийдөө сайн бэлтгэлтэй байж илүү тэсвэр хатуужилтай байх ёстой. Өвчтэй хүмүүс хэрэггүй учраас тэд сайн хоол идэж, хангалттай унтаж амарсан, биеийн тамирын бэлтгэлтэй байх нь чухал. Бие хамгаалагчийн гадаад төрх, биеэ авч явах байдал нь хамгаалуулагчийнхтай хоршиж байвал амжилтанд хүрнэ. Хамгаалуулагч ердийн эсвэл ажил хэргийн костюм өмссөн бол түүнтэй адил хувцаслана. Иймээс тэд өөрсдийн хувцаслалтанд болон биеэ авч явах байдалд анхаарах нь чухал. Түүний биеэ авч явах байдал нь ажлын амжилтанд ихээхэн нөлөөлнө. Тэд хамгаалуулагчийн ажлын болон нийгмийн хүрээнд зохицох ёстой. Хамгаалуулагчийн орчин хэтэрхий ялгаатай байвал хамгаалагчийн өмнө янз бүрийн асуудал гарна. Нийгэмд биеэ зөв боловсон авч явж чаддаг, хүмүүстэй харьцах харилцааны соёлтой байх ёстой.

 

Зан харилцааны соёл: Хамгаалуулагч, түүний гэр бүл, хамтран зүтгэгч, хамгаалалтын бусад ажилтнуудтай харьцахад соёл хэрэгтэй. Урьдчилсан үзлэг хийх, мэдээлэл цуглуулах, бэлтгэл арга хэмжээ явуулах зэрэг аливаа зүйл гуйх, хүсэлт гаргах тохиолдол их гардаг учраас хувийн хамгаалалтын ажилтнаас хүнтэй зөв боловсон харьцах чадварыг шаардана. Боловсрол мэдлэгээ дээшлүүлж гадаад хэл, ярианы дүрмийг мэддэг байх шаардлагатай.

 

 

Сахилга, дэг журам: Бие хамгаалагч нь сахилга баттай, бага ч гэсэн зүйлд анхааралтай ханддаг ажилтан байх ёстой. Албандаа саруул толгойтой ирэх учраас өөрийн амьдралаа зохицуулах хэрэгтэй болдог. Бие хамгаалагч нь Джеймс Бонд биш учраас жижүүрийн хугацаанд өөрийн гэр бүл, хувийн асуудлыг хойш тавих ёстой. Удаан хугацаанд юу ч болохгүй байж болох бөгөөд тэвчээр маш их шаарддаг. Хамгаалуулагч нь жинхэнэ хатагтай, ноёд дандаа байхгүй, хүүхдүүд ч ядаргаатай санагддаг.

 

 

Дипломат ёс ба сонор сэрэмж: Энэ шинж чанар нь хамгаалуулагч, түүнийг шүтэн бишрэгч, хэвлэл мэдээллийнхэн, гэр бүлийн гишүүдтэй харьцахад хэрэг болно. Бие хамгаалагч нь хамгаалалтын салбарын тоглогч бөгөөд ямар ч цэг дээр үүрэг гүйцэтгэх, бусад ажилтнуудыг дэмжихэд бэлэн байх ёстой. Тэрээр янз бүрийн хүмүүстэй, янз бүрийн нөхцөлд сайн ажиллах чадвартай байх ёстой. Богино хугацаанд бүрдүүлсэн хамгаалалтын баг урьд өмнө цуг хэзээ ч ажиллаж байгаагүй хүмүүсээс бүрдсэн байж болох юм. Ажилтнууд бие биенийгээ таалахгүй байж болох боловч бие биенээ хүндэтгэх, хамтран мэргэжлийн ажлаа хийх нь чухал. Ямар ч тохиолдолд хамтарч ажиллаж сурах гэдэг нь бие хамгаалагч өөртөө ашигтай зарчмуудын нэгийг өөрийн болгоно гэсэн үг юм. Зарим үед хамгаалалтын бусад салбаруудтай ажиллах шаардлага гардаг. Хэрэв өөр өөрийн хамгаалалтын багтай өндөр 2 албан тушаалтан нэг арга хэмжээнд очих ёстой бол хамгаалалтыг хамтран хийх хэрэгтэй. Мэдээлэл, зарим үед цэгийг ч хамтран ашиглах хэрэгцээ гарч болох бөгөөд энэ бүхэн нь тэд нарт ашигтай хэмнэлттэй байна.

 

  Хувийн хамгаалалтын мэргэжилтэнд ажлын урьдчилсан ямар дадлага хэрэгтэй вэ? Цэргийн алба хаасан хүн өөртөө итгэлтэй сахилга баттай болдог учир цэргийн алба хаасан байх ёстой, эсвэл хууль сахиулах явцтай танилцсан бол бүр сайн. Түүнчлэн дээрхи байгууллагад ажилласнаар танил талтай болсон, түүгээрээ холбоо тогтоон мэдээлэл, тусламж хүсч болох үндэс болно. Холбооны аюулгүй алба (ФСБ)-д ажиллаж олсон туршлага их үнэтэй билээ. Гэхдээ энэ туршлага зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй. Амжилттай ажиллаж буй олон бие хамгаалагчид цэргийн алба хаагаагүй, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс ч байдаг. Харин бусад салбарын ямар нэгэн албан тушаалд ажиллаж байсан туршлага нь бие хамгаалагчийн ажилд амжилт олоход нөлөөлсөн байдаг. Бизнес, хууль цааз, нягтлан бодох, компьютер, техник хангамж, барилга, электроник зэрэг ажилд  олсон дадлага, туршлага нь бие хамгаалагчдад ажилдаа ашиглаж болох хэрэгтэй туршлага олгодог ажээ.

СУРГАЛТ

 

Хэрэв хамгаалалтын салбарын ажилтанд сурах боломж гарвал доорхи чиглэлээр суралцах хэрэгтэй бөгөөд бэлтгэл сайн хийх нь чухал юм. Бие хамгаалагч болж төрдөггүй, бие хамгаалагч болдог. Хэсэгчилсэн сургалт нь ажлын явцад явагдах боломжтой боловч танхим, бэлтгэлийн өрөөнд явагдах нь илүү биз. Мэс засалч ажлын явцад суралцаж болдоггүйн адил бие хамгаалагч өөрийн алдаан дээр суралцаж болохгүй. Уршиг нь аймшигтай байж болох билээ. Зарим компани “эмнэлгийн анхны тусламж”-ийн дипломтой бие хамгаалагчдад дадлага эзэмших нь чухал гэж үздэг ажээ. Бие хамгаалагч нь буудалцаанд орох магадлал бага байдаг ч шархдах эсвэл зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх магадлал их байдаг.

 Дайснаа тодорхойлох, аюулыг дүгнэх

 

Суралцагч нь дайсны зүгээс гаргаж болох магадлал ихтэй үйлдлүүдийн талаар зааварчилгаа авсан байх ёстой. Зааварчилгаанд дайсны тухай тодорхойлолт, тоо хэмжээ, урьд үйлдэгдсэн хэрэг, арга барил, ашигладаг зэвсэг, техникийн тухай тусгагдсан байна. Бие хамгаалагчийн ажигламтгай байдлыг дээшлүүлэхийн тулд тэрбээрт (эр, эм) зохих бэлтгэл, дадлага олгох ёстой. Мэдээлэл яаж цуглуулах, аюул заналхийлэлд дүгнэлт хийх зэрэгт сургахад тодорхой хугацаа зарцуулах шаардлагатай.

 

Хувийн хамгаалалтын салбарын зохион байгуулалт, үүрэг.

Хувийн хамгаалалтын салбарын зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагааны тухай тодорхой тайлбар өгөх хэрэгтэй. Ажилтан бүр өөрийн үүрэг, бусад ажилтнуудын үүрэгтэй танилцсан байх ёстой. Бие хамгаалагчид янз бүрийн үүрэг гүйцэтгэж чадахын тулд тэд нарыг олон талын сургалтанд хамруулах нь чухал. Удирдах цэг дээр, жижүүрт бие хамгаалагчдыг ээлжлэн томилох нь бас нэг сайхан санаа юм. Бие хамгаалагчдыг хамгаалуулагчтай явах байрлалын талаар бэлтгэл хийлгэх хэрэгтэй. Шаардлагатай үед хийх үйлдлийг автоматаар хийдэг болгох чиглэлийн хичээлд хангалттай хугацаа зарцуулах ёстой.

Эмнэлгийн анхны тусламж

 

Хамгаалуулагчид эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гарвал ямар тусламж үзүүлж чадах вэ? Гол нь амьсгал, цусны эргэлтийн системийн үйл ажиллагаа, зүрх зогсох, цус алдах, гэнэтийн хямрал цочролын талаар ойлголт өгөх хэрэгтэй. Бие хамгаалагчид онош тавьж, яаралтай арга хэмжээ авч чадах ёстой. Бэлтгэлийн зорилго бол бие хамгаалагч бүр хүнд шархадсан хамгаалуулагчийн амьдралыг 10-15 минутаас доошгүй хугацаанд барьж чадах ёстой. Анхны тусламж үзүүлэх талаар 80-100 цагийн сургалтанд хамрагдсан байх шаардлагатай.

Зарим компани “Анхны тусламж”-ийн дипломтой бие хамгаалагчдад илүү төлдөг  учир энэ салбарт дадлага эзэмших нь чухал юм. Бие хамгаалагч буудалцаанд орох магадлал бага байдаг ч хамгаалуулагч биедээ гэмтэл авах эсвэл зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх магадлал их байдаг.

 

Эрх зүйн акт

Бие хамгаалагч бүр өөрийн ажилтай холбоотой иргэний ба эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулийн мэдлэгтэй, зөвөөр ойлгодог байх ёстой. Тэр өөрийн эрх мэдэл, хариуцлагын хэмжээг мэдэх ёстой. Тэрбээр зэвсгийн тухай хуулийг зайлшгүй мэдэх шаардлагатай.

Биеийн аюулгүй байдал

 

Бие хамгаалагч нь хамгаалалтын дохиоллын систем, сум үл нэвтрэх материал, цоож цуурга, хаалт, гэрэлтүүлэг зэргийн талаар ерөнхий ойлголттой байх хэрэгтэй. Хүний биед үзлэг хийх хамгаалалтын аюулгүй байдлын системийн сул талыг олох системийг өөрчлөх,  боловсронгуй болгох талаар зохих мэдлэгтэй байх ёстой.

Холбоо, аюулгүй байдлын электрон системүүд

Бие хамгаалагчид чагнах, сонсох, чагнахаас сэргийлэх техник хэрэгслийн талаар ерөнхий мэдлэгтэй байх ёстой. Сургалтын явцад чагнах төхөөрөмжөөс сэргийлэх, эрж олох, олсноо ажилгүй болгох зэргийг мэдэх ёстой.

 

Автомашин жолоодох чадвар

Бие хамгаалагчдыг жолоодлогод сургасан байх ёстой. Жолоодлого нь хамгаалах, маневрлах, давших хэлбэрийн байна. Автомашиныг болгоомжтой, нямбай, тайван жолоодож сурах чадварт анхаарна. Автомашин болон ойролцоо үйлдэгдэж буй алан хядах эрүүгийн хэргийн тоо хэмжээ ихэсч байгаа учир бие хамгаалагчдын жинхэнэ мэргэжлийн болгохын тулд бэлтгэл хийлгэж дадлагажуулах хэрэгтэй.

Буудлага хийх, галт зэвсэгтэй харьцах дадал олгох

Хамгаалалтын салбарын үүрэг нь буудалцаанд оролцох бус халхлах, хамгаалуулагчаа авч зугтах, аюулгүй газар аваачих явдал юм. Энэ тухай энэ номонд их бичигдсэн, бичигдэх ч болно. Гэмт этгээдийг мөрдөх, саатуулах явдал нь бие хамгаалагчийн ажил биш билээ. Хэрэв салбар сайн зохион байгуулалттай отолт, урхинд орвол тэд нарт хариу гал нээх хугацаа байхгүй буюу удаан амьдрахгүй биз. Гэвч хэзээ нэгэн цагт бие хамгаалагчид галт зэвсэг хэрэглэх шаардлага гарч ирвэл тэрбээр өөрийгөө болон бусад ажилтнуудаа, гэмгүй зорчигчдыг гэмтээлгүй зэвсгийг чадварлаг хэрэглэж чаддаг байх ёстой бөгөөд үүний тулд бэлтгэл сургуулилтыг маш сайн хийх нь чухал билээ. Зэвсэггүй нөхцөлд хяналтын техниктэй байх шаардлагатай. Хяналтын тенхик нь энгийн ба ашигтайгаас түүнийг дайсныг цохих, зодох, буудахын оронд хэрэглэж болдог. Энэ хэрэгсэл нь хүнлэг, өндөр үр ашигтай бөгөөд хуулийн өмнө бие хамгаалагчийг хариуцлагад татахгүй онцлогтой.

 Хүмүүс хоорондын харьцаа, харилцааны соёл

Биеэ зөв боловсон авч явахыг чухалчилна. Харамсалтай нь олонхи хүмүүс үүнийг сурахыг боддоггүй билээ. (Ширээний ард суух, хоол яаж захиалах, бие биенээ яаж зөв танилцуулах, гэх мэт). Бусад харилцаагаараа өндөр боловсролтой ч зарим бие хамгаалагчид хувийн хамгаалалтанд амжилт олдоггүйн учир нь дээрх байдалд оршино. Сургалтын бүх шатанд дадлагын хичээл орох нь зүйтэй гэж үздэг.

 

Бичсэн: Ganaa | цаг: 11:18 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)